Орон сууцны төрлүүд

Танай гэр бүл амьдрах орчиноо өөрчлөхөөр төлөвлөж байгаа бол доорх мэдээллээс орон сууц, байшингийн төрлүүдийн ялгааг олж мэдээд аль нь танд тохирохыг шийдээрэй. Худалдан авах байшингийнхаа төрлийг сонгохдоо орсноос хойш ойрын 5-10 жилийн хугацаанд таны амьдралын хэв маяг, хэрэгцээ хэрхэн өөрчлөгдөж болохыг төсөөлөх нь чухал юм.

 

  1. Хаус буюу нэг айлын байшин

Нэг айлын байшин нь бусад айлтай нийлсэн дундын хана байхгүй, нэг талбай дээр нэг л айлд зориулан барьсан байшин юм.

Давуу талууд

Нэг айлын байшин нь бусад төрлийн байшингуудаас илүү хувийн нууцлал, хувийн орон зайг санал болгодог бөгөөд хувийн орон зайг тусгаарласан хашаатай байдаг. Өөрийн үл хөдлөх хөрөнгөө өөрийн дураар засварлах, дизайныг сонгох боломжтой.  Таны байшин таныг илэрхийлнэ гэсэн үг. Хувийн эдэлбэр газартай учраас цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нэмэгдэж байдаг.

Сул талууд

Та байшингийнхаа бүхий л засвар үйлчилгээг өөрөө хариуцах учраас засвар, үйлчилгээ хийх гэсэн зардлууд нэмэгдэнэ. Харуул хамгаалалт ч мөн адил дан ганц таны байшинд хэрэгтэй болно. Тэгэхээр байшингийнхаа аюулгүй байдал, засвар үйлчилгээнд дан ганц та л санаа зовох болно.

 

  1. Орон сууц  Орон сууц нь илүү олон айл хамтдаа амьдрах боломжийг олгодог. Бусад айлуудтайгаа 1-2 ханаар нэгддэг бөгөөд байрны засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, жижүүр гэх мэтийг СӨХ хариуцдаг. Орон сууц нь хот суурин газрын төв хэсэг буюу нягтрал ихтэй газарт голдуу байрладаг

Давуу талууд

Орон сууц нь гэрийн эзний үүрэг хариуцлагыг багасгаж өгдөг. Тухайлбал дээврээс дусаал дусаж эхэлвэл түүнд гарах зардлыг СӨХ болон бусад оршин суугчидтай хамтран шийдвэрлэнэ. Мөн сүүлийн үеийн орон сууцнууд хүүхдийн тоглоомын талбай, спорт заал, ресторан, дэлгүүр зэрэг үйлчилгээний газруудыг хамтад нь төлөвлөдөг болсон нь оршин суугчдад таатай нөхцлийг бүрдүүлж байна.

Сул талууд

СӨХ нь зарим төрлийн засвар үйлчилгээг хийх боломжгүй байдаг. Мөн орон сууцанд гэрийн тэжээвэр амьтан байлгахад хөршүүдээс гомдол ирэх гэх мэт хүндрэлтэй. Дуу чимээ их гардаг тул дуртай үедээ засвар хийх боломж хомс. Та үүргээ биелүүлсэн ч бусад оршин суугчид тань үүргээ биелүүлээгүй бол цахилгаан тасрах, цахилгаан шат зогсох гэх мэт нөхцөд байдал үүсэж болзошгүй.

3. Хотын байшин

Энэ нь орон сууц болон нэг айлын байшингийн хосолмол байр юм. Ийм төрлийн байшин нь ихэвчлэн 2-3 давхар, дундын ханатай, дээврийн задгай талбайтай, эдэлбэр газар нь нэг айлын байшинг бодвол бага байдаг. Нийт талбайн хувьд орон сууцнаас их, нэг айлын байшингаас бага байдаг. Авто машины тусгай зогсоолтой байдаг.

Давуу талууд

Нууцлалд илүү анхаарсан байдаг. Хувийн орон зайг бий болгож өгнө. Засвар үйлчилгээний зардлаа хуваах боломж байдаг учраас тодорхой хэмжээний зардал хэмнэнэ. Мөн үнийн хувьд нэг айлын байшингаас хямд байдаг.

Сул талууд

Хотхон хэлбэрээр байгуулагдаагүй бол биеийн тамирын заал, бассейн гэх мэт үйлчилгээний газрууд байдаггүй.

4. Нийтийн байр

Нийтийн байр нь оршин суугчид өөрийн гэсэн хувийн амьдрах талбайтай боловч тус байшингаа хамтдаа эзэмшдэгээрээ онцлогтой. Бүгд хамтдаа хариуцлага хүлээдэг учраас эцсийг шийдвэрийг хамтдаа гаргадаг.  Шийдвэр гаргахаар оршин суугчдын ярилцлага хийх тохиолдол олон байдаг.

Давуу талууд

Нийтийн байрны оршин суугчид засвар үйлчилгээг хамт олноороо хийх нь элбэг байдаг учраас СӨХ ажиллуулах шаардлага бага гардаг. Бусад байртай харьцуулж үзэхэд харьцангуй хямд  үнэтэй байдаг.

Сул талууд   

Байрны санхүүгийн хариуцлагыг хөршүүдтэйгээ хуваалцдаг бөгөөд ингэснээр хэн нэгэн нийтийн байрныхаа зээлийг төлөхөө больсон тохиолдолд банк уг байрыг бүхэлд нь хурааж авах нөхцөл үүснэ гэсэн үг юм.  Сүүлийн үеийн хотхонууд дээрх орон сууцны төрлүүдээс нэг айлын байшин, хотын байшин, орон сууц гэх мэт төрлүүдийн аль алийг багтаасан зохион байгуулалттай болж байна. Энэ нь худалдан авагчид өөрийн нөхцөл байдал, онцлогт тохирсон сонголтыг хийх боломжийг бий болгож өгч байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published.