ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОП 10 БАРИЛГА

1.Абу Даби хотын “Capital Gate” цамхаг

Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотод орших “Capital Gate” цамхаг нь үзэсгэлэн худалдааны зориулалттай барилга юм. Уг цамхаг 160 м өндөр, 35 давхар, баруун тийш 18 градус хазайсан тун өвөрцтэй шийдэлтэй. 2010 онд энэхүү барилгыг хүний гараар бүтсэн хамгийн өндөр, налуу барилга гэж үзэн Геннисийн номонд бүртгэсэн байна. Ингэснээр Германы алдарт “Suurhusen” сүмийн барилгын амжилтыг эвдэж чаджээ. “Capital Gate” цамхаг налуу хэрнээ яаж нурж унахгүй, бат бөх оршдог вэ гэдэг нь судлаачдын анхаарлыг ихээхэн татдаг байна.  Цамхаг дэлхийн татах хүчний нөлөөгөөр оршдог бөгөөд гол баганыг нумарсан хэлбэртэй бетоноор хийж, гангаар бэхжүүлэн, суурийг газрын гүнд 20-30 метрт бэхэлжээ.

2.Бээжин хотын “Наран мандах Кемпинский зочид буудал”

Ойрхи Дорнодын бүтээн байгуулалттай зэрэгцэн манай урд хөрш БНХАУ найрсаг байдлаараа жуулчдыг татаж эхэллээ. 2015 онд тус улс архитектурын томоохон шийдэл бүхий Кемпинксий зочид буудлыг Бээжин хотоос 60 км-ийн цаана нуурын эрэг дээр барьжээ. Энэхүү барилгад “фенг-шуй”-ийн ухааны ойлголт нэвт шингэсэн бөгөөд ерөнхий хэлбэр нь нар мандах үзэгдлийг дүрслэхийн зэрэгцээ зохицол, нэгдмэл байдал, эцэс төгсгөлгүй, хязгааргүйн утга учрыг бэлгэджээ. Зочид буудал нь хажуу талаасаа далайн дун мэт хэлбэртэй байгаа нь Хятадын соёл, ёс заншил, сайн сайхны бэлгэ тэмдэг юм. Урд талаасаа мандаж буй нар мэт харагдах нь тус улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжил, гол хаалга нь загасны ам мэт байгаа нь хөгжил, цэцэглэлтийг илэрхийлсэн юм. Барилгын орой хэсэгт наран мандаж, тэнгэрийн өнгийг тольдоно. Харин дунд хэсэгт Яншан уул дурайн харагдаж, доод давхруудад нуурын тусгал ойж харагдана.

 

 

3. Акшардам сүм 

 

Орчин үеийн хамгийн гайхамшигт урлагийн бүтээлүүдийн нэг бол яах аргагүй Энэтхэгийн Нью Дели хотын гол үзмэр Акшардам сүм юм. Энэ сүмийн барилга нь орчин үеийн технологийг уламжлалт архитектурын хэв маягтай хослуулсан гэдгээрээ алдаршжээ. Ямуна голын эрэг дээр 8000 метр квадрат талбайг эзлэн орших элсэн чулуун-гантиг сүмийг 7000 гар урлаач, 3000 сайн дурынхан ямар ч ган ашиглахгүйгээр барьж, сүндэрлүүлсэн юм. Тиймээс Энэтхэгийн нийслэлд ирсэн жуулчдыг соронзон мэт татдаг байна.

4.Петерсен автомашины музей

2017 онд Берлин хотноо зохион байгуулагдсан дэлхийн хамгийн том архитектурын наадмаас шилдгээр шалгарсан бүтээл бол Лос Анжелес хотын Петерсен автомашины музейн барилга юм. Музейн дизайн автомашины эд анги, хурд, хүчийн шууд илэрхийлэл юм. Гадна талыг нь 308 ган судлаар хүрээлжээ. Уг музейд түүхэн, үнэт болон алдартай оддын автомашинууд байхаас гадна автомашины эд анги, 23 мотоцикл, 100 нийтийн тээврийн хэрэгслийг дэлгэн харуулсан байна.

5.Marina bay

Сингапурын “Marina Bay Sands” нь дэлхийн хамгийн үнэтэй амралт, жуулчлалын бааз юм. Барилгын нийт үнэ 5,5 тэрбум ам.доллар хүрэх бөгөөд нийт 15,5 га талбайг хамран оршино. Энэхүү тансаг барилга нь ресторан, зочид буудал, үзэсгэлэн худалдааны танхим, театр, дэлгүүр, энтертайнмент цогцолбор зэргээрээ жуулчдын анхаарлыг татдаг. Үүнийг “Las Vegas Sands” корпораци 2010 онд барьж, ашиглалтад оруулжээ. “Marina Bay Sands” нь Сингапурын “Sky” парктай хаяа нийлсэн нийт 55 давхар гурван барилгаас бүрдэнэ. “Sky” паркт зочилсноор Сингапурыг 200 метрийн өндрөөс тольдож, дэлхийн хамгийн том буюу 150 метр урт усан санд сэлэх боломжтой.

6.Нагоя музей

Японы Нагоя хотын төвд орших шинжлэх ухааны музей, одон орон судлалын төвийн барилгын дизайн хэний ч анхаарлыг татна. Тэгш өнцөгт хэлбэртэй барилгын дунд аварга том бөмбөрцөг байрлуулсан нь маш сонирхолтой шийдэл болжээ. Энэ нь манай дэлхийн хамгийн том одон орон судлалын төв юм. Одоогоор барилгын дээд давхарт сансар огторгуйн болон ирээдүйн шилдэг технологиудыг дэлгэн тавьсан музей үйл ажиллагаа явуулж байна.

7.“Longaberger”  оффис

АНУ-ын Огайо мужид “Longaberger” хэмээх сагс, тор үйлдвэрлэдэг компани бий. Компанийн удирдлагууд өөрсдийн нэрийн хуудас болох сагсны загварыг яг дууриалган 7 давхар, 60 мянган метр квадрат талбайтай, 500 гаруй хүн ажиллах томоохон барилга барьжээ. Барилгын цонх хоорондын зай, хана зэргийг сагснаас огтхон ч зөрүүлэлгүй барьсан гэнэ. Сагсны хоёр том бариулыг зэсээр хийсэн тул өвөлд мөстөж, хөлдөхгүй, бат бөх болсон байна. Түүнчлэн барилга шөнө болоход маш гоёмсог болж, эргэн тойрныхоо 25 га газрыг гэрэлтүүлдэг ажээ.

8.“Petronas”  цамхаг

Малайзын Куала Лампур хотын 451 метр өндөр барилга нь дэлхийн хамгийн өндөр ихэр цамхагт тооцогдож байна. Барилгыг нийт 1,6 тэрбум ам.долларын өртгөөр зургаан жил барьж, ашиглалтад оруулжээ. Гадна фасадыг зэвэрдэггүй гангаар өнгөлж, нарны хэт ягаан туяа, халуунаас хамгаалах олон давхар шилээр бүржээ. Орой хэсэгт нь найман одтой тэмдэг байрлуулахаас гадна барилга бүхэлдээ таван одтой тулгуурт дүрс адил хэлбэртэй болсон учир Исламын шашны бэлгэ тэмдэг гэж үздэг байна. Мөн инженерүүд барилгын аюулгүй байдалд онцгойлон анхаарч, салхины хоолой суурилуулсан байна. Ингэснээр цагт 65 миль хурдтай хуй салхи дэгдсэн ч цамхаг нурахгүй гэнэ.

 

9.Шанхайн санхүүгийн төв

Дэлгүүр, зочид буудал, ресторан, ажиглалтын тавцангуудаас бүрдсэн 492 метр өндөр цамхгийн өвөрмөц дизайн нь Хятадын эртний уламжлал, домгийн ойлголтуудыг илэрхийлж байна.  Барилгыг ашиглалтад оруулахдаа бусад тэнгэр баганадсан өндөр барилгуудын адил гал, салхи, газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар бүтээжээ. Салхины хүчийг 40 хувиар намсгах хаалт, хурц гэрлээс хамгаалж, өнгө үзэмжтэй харагдуулах нимгэн, чанартай шилээр бүрсэн байна.

 

10.Бурж Халифа

Нийт 163 давхар, 9 дээд зэрэглэлийн зочид буудалтай уг барилга нь өөрийгөө эрчим хүчээр хангах чадвартай бөгөөд галын аюулгүй байдал, дохиоллын систем нь ослын үед хүмүүсийг 32 минутын дотор нүүлгэн шилжүүлэхээр бүтээгджээ. Дубай хот зундаа хүн тэсэхийн аргагүй халдаг учир салхины хүчээр ажилладаг турбин, нарнаас хамгаалагч зэргийг суурилуулсан байна. Мөн барилгын гадна талыг маш найдвартай материалаар хийжээ.

Эх сурвалж: www.propertyawards.mn

Leave a Reply

Your email address will not be published.